Өвдөгний үе давтан солих мэс засал
Өвдөгний үе солих мэс заслаас 7 жилийн дараа гэхэд эмчлүүлэгчдийн 4-8 хувь нь өвдөгний үеэ дахин солиулах шаардлага тулгардаг. Цаг хугацаа өнгөрөх тусам уг хувь улам нэмэгддэг.
Үүний шалтгаан нь:
Хиймэл үе суларч ховхрох, ялангуяа шаантны суулгац
Хуванцар жийргийн элэгдэл, үүнээс үүдэлтэй суулгац орчмын яс хайлах
Өвдөгний холбооснуудын дутагдал
Суулгац орчмоор яс хугарах
Өвдөгний дотор холбогч эд ургах
Тойгны шалтгаант хүндрэлүүд
Хөлийн тэнхлэгийн алдагдал
Эмчлүүлэгчийн хөдөлгөөний идэвхи хэт их байх, ялангуяа 55 болон үүнээс залуу хүмүүсийн амьдралын идэвхи их байх тул хиймэл суулгац ховхрох хүндрэлийн хувь өндөр байдаг
Өвдөгний үе анхдагчаар солих мэс засалд хэрэглэгддэг суулгацын бүрдлүүд болон рентген зурагт харагдах байдал /хиймэл үений хуванцар жийрэг нь рентген зурагт харагддаггүй/
Хиймэл үений суулгац орчмын яс хайлж, хиймэл үенд сулрал үүссэн байдал /эхний зурганд дунд чөмөгний суулгац, дараагийн зурганд шаантны суулгацын ховхролыг харуулав/
Өвдөгний үе давтан солих мэс засалд дунд чөмөгний болон шаантны суулгацын уртасгагч ашиглан бэхэлсэн байдал
Давтан мэс заслын дийлэнх тохиолдолд шаант болон дунд чөмөгний ясанд томоохон дутагдал үүссэн байдгаас давтан үе суулгахдаа хиймэл үений дүүргэх, бэхлэх зорилго бүхий нэмэлт бүрдлүүд ашигладаг. Ингэхдээ аль ясанд нь хэр хэмжээтэй ясны дутагдал үүссэнээс хамаарч хэрэглэгдэх нэмэлт суулгацууд харилцан адилгүй.
Зарим тохиолдолд эмнэлэгт оройтож хандсанаас шаант яс хэт их үрэгдаж улмаар анхдагч мэс заслаар шууд өвдөгний хиймэл үе давтан солих мэс засалд ашиглагддаг нэмэлт бүрдлүүдийг хэрэглэхээс өөр сонголтгүй болдог.
Өвдөгний үе давтан солих мэс засалд хэрэглэгддэг нэмэлт бүрдлүүдийг угсарсан байдал. Үүнд: шаант болон дунд чөмөгний суулгацанд метал блокууд, уртасгагч голууд угсрагдсан байна
Өвдөгний үе давтан солих мэс засалд хүргэдэг хамгийн түгээмэл шалтгаан нь шаантны суулгацын ховхрол бөгөөд ихэнхи тохиолдолд шаатны суулгацыг шинээр солихдоо ясны дутагдлыг нөхөх зорилготой метал блок, суулгацыг тогтвортой болгох зорилготой утгасгагч голыг угсардаг.
Шаантны суулгацын дотор хэсэгт метал өндөрлөгөө, уртасгагч голыг угсарч, суулгасан байдал /бодит болон рентген зураг
Өвдөгний үе давтан солих мэс заслыг анхдагчаар солих мэс засалтай харьцуулахад өндөрлөх, нөхөх, бэхлэх зэрэг олон төрлийн бүрдлүүд хэрэглэгддэгээс мэс заслын өртөг үлэмж нэмэгддэг. Мөн мэс заслын цар хүрээ их байдаг тул давтан хүндрэл гарах эрсдэл ч мөн өсдөг.
Иймд өвдөгний үе солих мэс заслыг хэт эрт эсвэл хэт хожуу хийлгэхгүй байх үүднээс цаг тухайд нь нарийн мэргэжлийн эмчид хандаж, зохих зөвөлгөөг авах хэрэгтэй.
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвд уг төрлийн мэс заслыг олон жил хийж буй дадлага туршлагатай, чадварлаг хамт олон таныг хүлээж байна.
Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!