Хөлийн тэнхлэг засах мэс засал
Майга болон саруй (О эсвэл Х хөл гэж ярьдаг) хөл нь төрөлхийн эсвэл олдмол шалтгаантайгаар (ямар нэг өвчний улмаас) үүсдэг.
Төрөлхийн майга болон саруй хөл нь өвдөг, түнхний үений үрэвслийн /остеоартрит/ эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн өвдөгний үений үрэвсэл, түнхний төрөлхийн дутуу хөгжил зэрэг нь хөл майга болон саруй болоход хүргэдэг.
Хөлийн тэнхлэг засах мэс заслаар майга болон саруй хөлийг засдаг. УНТЭ-т хөлийн тэнхлэг засах мэс заслын чиглэлээр сурч бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүд 2017 оноос эхлэн дээрх мэс заслыг хийж эхэлсэн. Одоогоор 250 гаруй тохиолдолд мэс засал хийгдээд байна.
Майга хөл засах
Өвдөгний остеоартритын эхэн үед хийгддэг, үр дүнтэй мэс засал юм.
Тэнхлэг засах мэс заслын зорилго нь:
Биеийн жингийн ачааллыг өвдөгний үений харьцангуй эрүүл буюу гадна тал руу шилжүүлснээр өвдөлтийг багасгах
Дотор ОА-н явцыг удаашруулах, эсвэл зогсоосноор өвдөгний үе солих мэс засалд орохыг хойшлуулах /дунджаар 10 жилээр хойшлуулах буюу өвдөгний үе солих мэс заслын өмнөх шатны ажилбар/
Сүүлийн үед гоо сайхны зорилгоор хийгдэх нь нэмэгдэж байна
Эмчлүүлэгчийн өвчний явц, үе шат, өвдөгний үений өвдөлтийн хэлбэр, хөдөлгөөний далайц зэргийг сайтар нягталсны үндсэн дээр мэс заслаар биеийн жингийн шугам, шаантны дотор дээд өнцөг, ясны хугарлын цэг, тэлэгдэх өнцгийг нарийн тохируулснаар хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.
Саруй хөл засах
Насанд хүрэгчдийн төрөлхийн болон олдмол саруй хөл засах мэс заслыг УНТЭ-н Хэрх Үе Судлал Үе Сэргээх Төвд хийж байна.
Саруй хөлийг дунд чөмөгний доод хэсгээр засна.
Саруй хөл нь ихэвчлэн өвдөгний гадна хэсэгт ирэх ачааллыг нэмэгдүүлж өвдөлт зовиур үүсгэдэг тул засагдсанаар өвдөгний остеоартритын явц удааширч, өвдөлт зовиур арилж, хөл тэгширч, хөлийн урт богины зөрүү багасдаг.