Барьцалдаат спондилит
Барьцалдаат спондилит гэж ямар өвчин вэ?

Энэ өвчин нь спондилоартритын бүлэгт багтдаг багана нурууны араг ясыг гэмтээдэг архаг үрэвсэлт өвчин бөгөөд сакроилит, нуруу эмгэгээр ясжих, нурууны үрэвсэлт өвдөлтөөр илэрдэг. Голдуу багана нурууг хамрахаас гадна доод мөчдийн үеийг тэгш бус хэмтэйгээр гэмтээнэ.
Өвчний шалтгаан болон эрсдэлт хүчин зүйлс юу вэ?
Шууд :
Удамшил буюу HLA-B27 ген эерэг
Нас
Хүйс
Шууд бус :
Халдвар, хордлого
Тамхидалт
Амьдралын хэв маяг
Гэмтэл нөлөөлнө.
Ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг вэ?
Барьцалдаат спондилит нь зөвхөн нурууны өвдөлтөөр хязгаарлагдахгүй бөгөөд олон эрхтэн тогтолцоог хамарч болно.
1. Үе мөч, нурууны шинж тэмдэг
Нурууны өвдөлт 3 сараас дээш хугацаанд үргэлжлэх
Өглөө сэрэхэд нуруу хөшиж, хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байх
Хөдөлгөөнөөр өвдөлт намдах боловч амрахад нэмэгдэх
Шөнийн цагаар нуруугаар өвдөж, нойрноос сэрэх
Хүзүү, нурууны хөдөлгөөний далайц багасах
Өвдөг, шагай зэрэг захын үе өвдөх, хавдах
2. Нүдний шинж тэмдэг
Нүд гэнэт улайх
Нүд өвдөх
Гэрэлд хэт мэдрэг болох
Хараа бүрэлзэх
Эдгээр шинж нь нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл (увеит)-ийн илрэл байж болох тул яаралтай нүдний эмчид үзүүлэх шаардлагатай.
3. Хоол боловсруулах замын шинж тэмдэг
Удаан хугацаанд суулгах
Хэвлийгээр өвдөх
Өтгөнд цус, салс илрэх
Хоолны дуршил буурах
Шалтгаангүй турах, ядрах
4. Уушгины шинж тэмдэг
Хуурай ханиалгах
Амьсгаадах
Цэр гарах
5. Зүрх судасны шинж тэмдэг
Зүрх дэлсэх
Зүрхний хэм алдагдах
Амьсгаадах, цээжээр өвдөх
6. Бөөр, шээсний замын шинж тэмдэг
Шээс хөөсөрч гарах
Шээсэнд цус илрэх буюу улаавтар өнгөтэй гарах
7. Мэдрэлийн шинж тэмдэг
Хоёр хөл бадайрах
Хөл мэдээ алдах
Шээс, өтгөнөө барих чадвар өөрчлөгдөх
Анхааруулга: Хоёр хөл гэнэт сулрах, мэдээ алдах, шээс хаагдах эсвэл шээс, өтгөнөө барих чадвар алдагдах тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

Энэ өвчнийг хэрхэн оношлох вэ?
Мэдээж, Ревматологийн нарийн мэргэжлийн эмч зовиур, асуумж, бодит үзлэг хийсэний үндсэн дээр нэмэлт лабораторийн болон багажийн шинжилгээнд тулгуурлаж оношийг баталдаг. Цочмог үрэвлийн үед цусны шинжилгээнд СОЭ болон СРБ үрэвлийн үзүүлэлтүүд ихэсч болно.
Дүрс оношилгоо:
Аарцаг, ууц-сүүжний үений рентген зураг
Нурууны рентген зураг
Соронзон резонанст томографи (MRI)
Шаардлагатай тохиолдолд компьютер томографи (CT)
Ууц-сүүжний үений рентген зураг нь рентгенээр илрэх сакроилитийг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Харин өвчний эрт үед рентген зурагт өөрчлөлт илрээгүй байж болох тул шаардлагатай тохиолдолд MRI шинжилгээг хийдэг.
Оношилгоонд анхаарах зүйл: Барьцалдаат спондилитийг оношлох ганц алтан стандарт шинжилгээ байдаггүй. Эмнэлзүйн шинж тэмдэг, лаборатори болон дүрс оношилгооны үр дүнг цогцоор нь үнэлдэг.



Барьцалдаат спондилитийг хэрхэн эмчлэх вэ?
Эмчилгээний үндсэн зорилго нь үрэвслийг намжаах, өвдөлтийг бууруулах, өвчний сэдрэл болон бүтцийн гэмтлээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөнийг хадгалах, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад оршино.
Эмчилгээг эрт эхлүүлж, тогтмол хяналтад байх нь хөдөлмөрийн чадвар алдагдах болон хөдөлгөөний хязгаарлалтаас сэргийлэхэд чухал.
Эмийн эмчилгээ:
Үрэвслийн эсрэг стероид бус эмүүд (NSAIDs)
Өвчний идэвхжил өндөр, стандарт эмчилгээнд үр дүн хангалтгүй үед биологийн эмчилгээ
Сонгомол тохиолдолд зорилтот эмчилгээ
Захын үеийн үрэвслийн үед эмчийн заалтаар бусад эмчилгээ
Эмийн сонголтыг өвчний идэвхжил, хавсарсан эмгэг болон өвчтөний биеийн онцлогт тохируулан ревматологийн эмч шийдвэрлэнэ.
Эмийн бус эмчилгээ:
Тогтмол дасгал хөдөлгөөн
Нурууны уян хатан байдлыг хадгалах дасгал
Амьсгалын дасгал
Сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал
Тамхинаас татгалзах
Зөв зохистой хооллолт, биеийн жинг хэвийн хадгалах
Сэтгэл зүйн дэмжлэг
Эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд эмийн болон эмийн бус эмчилгээг хослуулан хэрэгжүүлэх нь чухал.


Барьцалдаат спондилитээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Барьцалдаат спондилит нь удамшлын өртөмтгий байдалтай холбоотой тул өвчнөөс бүрэн сэргийлэх баталгаатай арга одоогоор байхгүй.
Гэсэн хэдий ч өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэх, амьдралын чанарыг хадгалахад дараах зөвлөмжүүд чухал.
Нурууны өвдөлт 3 сараас дээш хугацаанд үргэлжилбэл эмчид хандах
Өглөөний нурууны хөшингө, хөдөлгөөнөөр намддаг өвдөлтийг анхаарах
Тамхинаас татгалзах
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Эмчийн хяналтад тогтмол хамрагдах
Удамд барьцалдаат спондилит оношлогдсон хүн байдаг бол сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед ревматологийн эмчид үзүүлэх
Нурууны өвдөлтийг энгийн ядаргаа гэж үл тоомсорлож болохгүй. Эрт оношилгоо, зөв эмчилгээ нь хөдөлгөөний чадвараа хадгалах хамгийн чухал алхам юм.
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД: Өөрийгөө үнэлэх асуумж
Барьцалдаат спондилитийн үед өдөр тутмын үйл ажиллагаа болон хөдөлгөөний чадвар хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэлэх нь өвчний хяналтад чухал ач холбогдолтой.
Доорх асуумж нь нурууны үйл ажиллагааны хязгаарлалтыг үнэлэхэд ашиглагддаг BASFI (Bath Ankylosing Spondylitis Functional Index) үнэлгээний асуултууд юм.
Үнэлэх аргачлал:
Асуулт бүрийг 0–10 оноогоор үнэлнэ.
0 оноо: Ямар ч хүндрэлгүй, маш амархан гүйцэтгэнэ.
10 оноо: Огт гүйцэтгэх боломжгүй.
Өдөр тутмын үйл ажиллагааны үнэлгээ
- Та оймс эсвэл бариу өмдөө бусдын тусламжгүйгээр өмсөж чадах уу?
- Та тонгойж, шалан дээр байгаа үзгийг бусдын тусламжгүйгээр авч чадах уу?
- Та өндөр шүүгээн дээр байрлуулсан зүйлийг бусдын тусламжгүйгээр авч чадах уу?
- Та гарын түшлэггүй хоолны өрөөний сандлаас гараараа тулалгүй босож чадах уу?
- Та шалан дээр нуруугаараа хэвтэж байгаад бусдын тусламжгүйгээр босож чадах уу?
- Та 10 минутын турш нэмэлт тусламжгүйгээр зогсож чадах уу?
- Та шатны бариул болон бусад туслах хэрэгсэл ашиглахгүйгээр 12–15 гишгүүртэй шатаар өгсөж чадах уу?
- Та биеэ эргүүлэхгүйгээр мөрөө давуулан ар талаа харж чадах уу?
- Та дасгал хөдөлгөөн хийх, агаарт салхилах, спортоор хичээллэх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг гүйцэтгэж чадах уу?
- Та гэртээ болон ажил дээрээ бүтэн өдрийн турш шаардлагатай өдөр тутмын ажлуудаа гүйцэтгэж чадах уу?
Үнэлгээний тайлбар:
Асуулт бүрийн оноог нэмж, нийт оноог 10-д хувааж дундаж оноог гаргана.
Дундаж оноо бага байх тусам өдөр тутмын үйл ажиллагааны хязгаарлалт бага байна.
Дундаж оноо өндөр байх тусам үйл ажиллагааны хязгаарлалт их байгааг илтгэнэ.
Энэхүү асуумж нь өвчний оношийг дангаар тогтоох зориулалтгүй бөгөөд хөдөлгөөний үйл ажиллагааны түвшинг үнэлэхэд ашиглагдана. Өөрийн үнэлгээний үр дүнг эмчийн үзлэг, оношилгоог орлуулах байдлаар ашиглаж болохгүй.
Эх сурвалж : ЭМС-ын 2021 оны А/771 тоот тушаал